Тэшиг сумын бага сургууль (1940-1968)


МАХН-ын төв Хорооноос 1940 оноос тус орны бүх аймаг сумдад Улсын төсөв зардлаар сургууль байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус суманд анхны бага сургууль 1940 оны 8-р сард Захирал, 2 багш, 2 ажилтан, 61 сурагч, 2 ангитай 8 гэр барьж үүд хаалга нээж “А” үсэг заажээ. Тус сургуулийн анхны захирал нь “Улаан” хэмээх Жамаагийн Бадамцэрэн, багш Ишдоржийн Санжаадорж, Цэдэнгийн Бадамдорж нар байжээ.

МАХН-ын төв Хорооноос 1940 оноос тус орны бүх аймаг сумдад Улсын төсөв зардлаар сургууль байгуулахаар шийдвэрлэсний дагуу тус суманд анхны бага сургууль 1940 оны 8-р сард Захирал, 2 багш, 2 ажилтан, 61 сурагч, 2 ангитай 8 гэр барьж үүд хаалга нээж “А” үсэг заажээ. Тус сургуулийн анхны захирал нь “Улаан” хэмээх Жамаагийн Бадамцэрэн, багш Ишдоржийн Санжаадорж, Цэдэнгийн Бадамдорж нар байжээ.
Анхны бага сургуулийн гал голомтыг бадрааж аж ахуйн болон сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулан хүчин зүтгэж явсан Захирал, багш, ажилчид зэрэг ахмад үеэ үеийн үед бахархан дурсах ёстой.
Сумандаа байгуулагдсан ардын бага сургуулийнхаа үйл ажиллагаанд сумын намын үүр /дарга нь Шагдар/, сумын Гүйцэтгэх захиргаа /дарга нь Бат-Эрдэнэ/, МХЗЭ-ийн үүр /дарга нь Төмөр/ нам, эвлэлийн гишүүд ард олны дунд ухуулга сурталчилгаа хийж сургуулийн өвөрмөц орчин нөхцлийг бүрдүүлэхэд тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлж байжээ.
Ялангуяа сурагчдын хоол хүнсэнд үхрийн махыг эцэг эхээс нь нийлүүлэх, ачаа хөсөг сайтай айлуудаар түлээ түлш татуулах, багш нарын ар гэрийн амьдрал ахуйг харж үзэх талаар ихээхэн анхаарснаар сум даяар бичиг үсэг сурах, үр хүүхдээ сургуульд оруулах идэвх улам дээшилжээ.
Гэвч сайны хажуугаар саар садаа тохиолдохыг алийг тэр гэхэв. Жишээ нь: Харанхуй шөнө болохоор  хүүхдийн байрны гэр тойрч янз бүрийн дуу чимээ гаргах, тотгоны цавгыг хутга, мэсээр зүсэх хүний толгой харагдах, гэрэл сүүмэлзэх зэргээр хүүхдийг айлган сэтгэл санаа алдагдуулдаг болжээ. Энэ юу болоод байгааг илрүүлэх зорилгоор захирал Бадамцэрэн, багш Цэсмаа хоёр нууцаар шөнө сахидаг болов. Гэтэл нэг шөнө харанхуйд нэг юм сүүтэгнэн ирэхээр нь шууд “Зогс, буудна шүү! Гараа өргө” гэхэд үстэй дээл эргүүлж өмссөн хүн байсан нь Жадамба “Зайран” гэдэг хүн охин Загдхорлоогоо сургуулиас гаргах гэж ийм үйлдэл хийснээ баригдаж байцаагдахдаа хэлж байсан юм гэж багш Цэсмаа дурдатгалдаа бичжээ.
Сургууль маань иймэрхүү саад бэрхшээлийг туулсаар хөгжин дэвшиж өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.
1940-1944 онуудад захирлаар ажиллаж байсан Ж. Бадамцэрэн, Санжаадорж, хожим улсын гавьяат багш болсон Дугарын Цэсэм, Пүрэвийн Чойжилсүрэн, Балжинхүүгийн Цэдэндорж, Балдангийн Жумба, Банзрагч, Отгоны Тавхай, Цэдэнгийн Бадамдорж, Цэвээний Нянтайсүрэн, мөн багш Дамдингийн Самбуу, Данзангийн Гармаа, Лувсангийн Магсар, Гомбожавын Жамсран, Балжинням, Дэмбэрэл (Дэмбэрээн) мөн ажилчин, галч, цэвэрлэгч, тогооч Л. Ёндон, Г, Ламзав, Ш. Содном /багш Доржсүрэнгийн төрсөн аав/, Г. Самдан, Эрдэнэтогтох, О. Чоймбол, Л. Чойжамц, Х. Чүлтэм, Д. Чүлтэмжамц /Дашийн Дамба агсны төрсөн ах/, Б. Чүлтэм, Ж. Осор, Шарав нарын зэрэг хүмүүс ажиллаж байжээ.
Сургуулийн хүүхдийн байгууллагын ажлыг хариуцан ажиллахаар “Дружный штаб” нэртэй Пионерийн бүлэг зохион байгуулагдаж анхны даргаар нь Дамдинсүрэнгийн Ширбазар /сурагч/ сонгогдон ажиллаж байжээ. 1941 оны 3-р сарын 25-нд Намын төв хороо, Сайд нарын зөвлөл кирилл үсгийг үндэслэн шинэ үсгийг 1941-1942 оны хичээлийн шинэ жилээс бүх бага, дунд сургууль, бүх хөдөлмөрчдөд зааж сургахаар шийдвэрлэж, шинэ үсгийн цагаан толгой, сурах бичиг, гарын авлага гарч багш нар манлайлан оролцжээ.
Тус бага сургууль 1944 оны хавар анхны төгсөлтөө хийжээ. /Анхны сурагчдын нэрсийг хойно хавсаргав/.
Энэ төгсөгчдөөс ардын үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан Ардын болвсролын тэргүүний /АБТ/ ажилтан, захирал Д. Цэрмаа, багш зохиолч сэтгүүлч Л. Сосорбарам, Б. Сосорбарам, Г. Ядамсүрэн мөн багш Д. Цэвээндорж, Рэнцэнханд, Д. Бадарч болон нам, улс олон нийтийн байгууллага, аж ахуйн ажилд олон жил ажилласан Д. Сэрээнэн, зохиолч Б. Пүрэворж, Ж. Цүлтэм, С. Лувсанцүлтэм, Г. Пүрэвдорж, Г. Банзрагч, Д. Дондов, Г. Онин, эрдэмтэн Л. Буджав, багш Бүжээ, Ц. Санжаажав, эмч Сийнхой зэрэг олон хүнийг дурьдаж болно.
Тус бага сургууль 1944-1968 он хүртэл 24 төгсөлт хийж энэ завсар 4 жилийн боловсролтой 681 хүнийг бэлтгэн гаргажээ. Тус бага сургуулийн хөгжил дэвшил, сурагчдын сурлага, хүмүүжил, урлаг спортыг хөгжүүлэх, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд тухайн үед ажиллаж байсан захирал Ч. Доржсүрэн багш Ц. Тагарваа, Авир, Б. Цэнд, Б. Дугар, нярав Ж. Дугарсүрэн, С. Жамбалдорж, С. Нанзад, Намсрайжав нарын хичээл зүтгэл, шавь нартаа тавьж байсан анхаарал халамжийг дурьдахгүй байхын аргагүй юм.
1959-1968 оны хооронд хичээлийн 4 өрөө танхим, сурагчдын 6 өрөөтэй дотуур байр, гал тогоо шинээр барьж ашиглалтанд оруулан хичээл хүмүүжлийн зориулалтаар пионерийн тохилог танхим, “Түмэн бодис”, “Дайчин алдар”, “Монгол хэл, Математикийн булан, кабинет байгуулан багш Б. Дугар “Соёлч нөхөрлөл”-ийн анги, багш Ч. Доржсүрэн “Сэхээтний соёлч нөхөрлөл” санаачлан байгуулж мандат авсан байдаг. Мөн сургууль дотооддоо анги бүлгүүдийн хооронд нүдлэн хамгаалах үзлэг явуулдаг зэрэг бүтээлч ажлуудыг багш Авир, Тагарваа нар бүтээлчээр зохион байгуулж амралт, чөлөөт цагаараа аялал зугаалга, уралдаан тэмцээн байнга зохиодог байсан нь хүүхдүүдийг орон нутаг, байгальтай танилцуулах чухал ач холбогдолтой байжээ.
Сургуулиа аж ахуйн талаар бэхжүүлэхэд аж ахуйн нярав Ж. Дугарсүрэн нь дээд мэргэжлийн “Захирал нярав” байсан гэлтэй үнэхээр арвич хямагч, нягт нямбай, хөдөлмөрч чанараараа сургууль хамт олны гол багана, ноён нуруу нь байлаа.
1960 аад оноос төрсөн нутгийнхаа түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газруудыг танин мэдүүлэх ойр зуурын аялал хийдэг байсан тухай багш  Р. Тэрбиш ярихдаа:
П. Лхагва(4-р анги), Ж. Даваажав(3-р анги), Ц. Батчулуун(4), П. Тагарваа(3) зэрэг бидний 6 хүүхдийг захирал Ч. Доржсүрэн, багш Тагарваа, Авир нар дагуулж  “Их Тогоо” ууланд гарч ургамал, амьтан байгальтай танилцуулан оройд нь туг хатгаад, буудлагын тэмцээн зохион байгуулахад 50 алхам газар П. Тагарваа 1 сумаар 9 оноо авч түрүүлж, Тэрбиш 8, Ж. Даваажав 7 оноотойгоор 2, 3-р байр эзэлсэн. Хүүхдүүдийг хооронд нь барилдуулж бөхийн тэмцээн явуулахад Ж. Даваажав түрүүлж байлаа гэжээ. Мөн Залман ууланд 10 гаруй хүүхдийн хамтаар багш Авир, Тагарваа, Ч. Доржсүрэн нар аяллаар хонон явж оройд нь гарч туг хатгаж байжээ.
1968 оны 5 дугаар сарын 26-нд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөл /СнЗ/-ийн дарга Ю. Цэдэнбал, СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга С. Лувсан нар манай суманд ирж 1 хоног ажиллахдаа сургуулийн ажил, амьдралтай танилцан анги, кабинетаар орж, багш нарын хувийн аж амьдралыг асууж ярилцахдаа:
-“Та нар бүгд бараг нэг нутгийнхнаас гадна, багшийн багш, багш шавиуд юм байна. Энэ бол бахархууштай үйл явдал юм” гэж тэмдэглэн хэлж байв.
Миний захирал байсан 9 жилийн хугацаанд намын төв хорооны гишүүн Жагварал сайд, мөн орлогч гишүүн Б. Лхамсүрэн, генерал Батаа зэрэг удирдах хүмүүс сургууль дээр ирж ажил байдалтай танилцаж, зөвлөгөө өгч байв. Мөн доктор Б. Ренчин, О. Намнандорж зэрэг эрдэмтэн судлаачид тухайн үед тус суманд ирж ажиллахдаа сургуулиар орж түүх дурсгалын талаар судлан хамгаалж байх, эртний ном судар олж цуглуулах, ашигт малтмал, рашаан ус хаана байдаг зэргийг асууж лавлан, заавар зөвлөлгөө өгч байв. Ийнхүү 60-аад жилийн өмнө хэдэн гэр, 2 багш, 60 гаруй сурагч, хэдхэн тооны ажилчинтай анх үүд хаалгаа нээсэн бага сургууль маань он цагийн урт, улс орны хөгжлийн түвшингээр өдөр хоногоор өргөжин хөгжсөөр орчин үеийн шаардлага хангасан хичээлийн танхим, дотуур байртай, мэргэжлийн өндөр боловсролтой багш нараар хангагдсан 9 жилийн сургалттай эрдмийн уурхай болон өргөжин хөгжсөөр байна. Тус сургуулийг 60 жилийн хугацаанд удирдаж ирсэн захирал Жамаагийн Бадамцэрэн хожим улсын гавьяат багш болсон Дугарын Цэсэм, Ишдоржийн Банзрагч, Балдангийн Лувсанжамц, Отгоны Тавхай, Цэвээний Нянтайсүрэн, Балдангийн Жумба, Бадамын Цэнд, Нямын Эрдэнэханд, Пүрэвийн Рэнчиндорж, Чойжамцын Доржсүрэн, Дүвжирийн Довдон, Цэгмэдийн Гомбодорж, Бямбын Давааням, Жамбаагийн Шагдарсүрэн, Жигмэдийн Галсанжигмэд, Должинсүрэнгийн Энхтуяа нарын үе үеийн захиралууд болон сургалт хүмүүжлийн ажлыг боловсронгуй болгож сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэн хөдөлмөрийн хамт олныг төлөвшүүлэхэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан бахархалтай сурган хүмүүжүүлэгч нарыг олноор дурдаж болох юм. Мөн ард түмний олон мянган үр хүүхэд залуу үеэ сургаж хүмүүжүүлэхэд насан туршийн амьдрал үйлсээ зориулсан ахмад сурган хүмүүжүүлэгч багш Дашийн Зампаалай, Дэмбэрэлийн Цэрмаа, Дашийн Бадарч, Доржийн Сэсрэн, Дашням Товуу, Цэдэнгийн Бадамдорж, Цүлтэмийн Санжаажав, Гончигжав, Ж. Гүрсэд, Цэрэндашийн Тагарваа, Бадамын Дугар, Данзангийн Авир, Гомбоогийн Жамсран, Сандагийн Түгдэн, Балжирын Байвал, Дашийн Жингүүр, Шаравын Дашбалжир, Очирын Цэрэндулам, Шаравын Дашдаваа, Д. Ичинхорлоо, Дугарсүрэнгийн Рина, Жамбалдоржийн Рина, Сундуйн Жансмаа, Будын Батцэрэн, Жамцын Хажидмаа, Очирын Эрдэнэдорж, Д. Чинбат, Цүлтэмийн Дамдинжав, Рэнцэнхандын Тэрбиш, Уртнасангийн Пүрэвсүрэн, Дариймаагийн Долгорсүрэн, Бархын Лхагвадорж зэрэг олон ахмад багш нараа хүндлэн дурсаж байна. Тус сургуулийн хамт олноос Монголын багш нарын
3-р их хуралд Цэрэндашийн Тагарваа
4-р их хуралд Дашийн Зампаалай
5-р их хуралд Чойжамцын Доржсүрэн
6-р их хуралд Жигмэдийн Галсанжигмэд нар оролцож хамт олныхоо итгэл найдварыг хүлээсэн юм.
Энэ сургуулийнхаа алтан босгыг алхан эрдмийн далайд орж, улс орон тив дэлхийд алдар нэрээ дуурсгасан олон арван эрдэмтэн, сэхээтэн, багш, эмч, тамирчид, зохиолч, сэтгүүлч, хөдөлмөрийн баатар, гавьяатнууд төрөн гарч төрсөн нутаг, төрөлх сургуулиа алдаршуулсаар байна.
Үүнд Монгол улсын төрийн шагналт, ардын эмч Рэнцэнгийн Пүрэв, боксын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат дасгалжуулагч, ардын багш Дамдинжавын Банди, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, трактор, комбайнч Балжинхүүгийн Галт-Очир, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор, их эмч Бадамхандын Шижирбаатар, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, олимпийн мөнгөн медальт, улсын  начин, дэд профессор Жамцын Даваажав, доктор Дамдингийн Ламзав, дэд эрдэмтэнгүүд ургамал судлаач Майхүүгийн Бадам, зохиолч Цэрэндоржийн Мөнх, их эмч Лодонгийн Буджав, их эмч, дэд эрдэмтэн Малгиагийн Цүлтэмсүрэн, гавъяат эмч Жумбын Балган, Төрийн шагналт эмч Дамдингийн Дамдин, гавьяат эмч Жамцын Хишигсүрэн, гавьяат багш Санжийн Цэндсүрэн, Жумбын Мягмарсүрэн нар, Буриад улсын ХАА-н гавьяат ажилтан Маанийн Оюунбат /аймгийн засаг дарга/, доктор Жамбаацүлтэмийн Дашдаваа, спортын мастер Ч. Лхагва, Сэрээнэнгийн Дашдорж, Жамцын Батбилэг, Пэрлэйн Батбилэг, Сандагын Загас нарын болон нам, төр, улс олон нийтийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан болон байгаа Л. Угтаабаяр, Ш, Бүүвэйбаатар,  Цэен-Ойдов, Батхишигийн Майхүү, Доржготовын Ууганбаяр, аврага Л. Гансүх, Т, Дашдэлэг, Б. Эрдэнэчимэг, Г. Оюунбаяр, Д. Чулуунбаатар, Г. Пагма, Д. Гомбо, Д. Дашжамц, Д. Сэрээнэн, Г. Жанлавсүрэн, Д. Дашзэвэг, Д. Цэдэв, Т. Даваасүрэн, Д. Доржсүрэн, Д. Доржготов, Ж. Цүлтэм, С. Лувсанцүлтэм нарын олон арав, зуун ахмад залуу үе төрөн гарсаар байна. Өнөөдөр тус сургуулийн хамт олон боловсролын шинэ тогтолцоонд шилжин 12 жилийн сургалтын орчинг бүрдүүлэн 21-р зуунд улс орноо жолоодох оюуны чадавхи өндөр, өв уламжлалт соёлоо дээдлэн, даяарчлалын эрэн үед дэлхийн хөгжилтэй эн зэрэгцэх оюунлаг хүмүүсийг бэлтгэн гаргахад сургалт хүмүүжлийн ажлаа чиглүүлэн ажиллаж байна.

2 Comentarios

Болдбаяр said...

Энэ ямар сайхан түүх вэ? 50 алхам газарт 9 оноо авч түрүүлсэн Пэрэнлэйн Тагарваа бол миний эцэг байгаамаа, би бага хүү нь. Аавынхаа тухай эндээс олж уншсандаа үнэхээр баяртай байна. Энд бас миний мэдэх маш олон хүн байна, дандаа нэрийг нь сонссон, заримыг нь таньдаг, аав ээжийн минь ярьж байсан хүмүүс. Бүр авга ах цанын спортын мастер П.Батбилэг ахын минь нэр орсон байна. Уншихад үнэхээр сайхан байлаа, бэсрэг тэмцээнд аавынхаа түрүүлж байсныг мэдээд аньсага дүүрээд ирэх шиг болсон шүү. Бахархах сэтгэл төрсөн. Энэ блогийг хөтөлж, нийтэлж байгаа хүнд баярлалаа, улам ихийг хийгээрэй. Амжилт хүсье!

Болдбаяр said...

Тэшиг маань сайхан нутаг шүү, миний төрсөн нутаг. Нээх сайхан амарч зугаалан нутаг усаараа аялахсан. Хар толгой, Харгал нуур, Шонт, Давааны ар, Эрин гол, Эгийн бирваз /одоо бий болов уу?/, Эг тарвагатайн бэлчир гээд л... Нутагтаа очоогүй 10 жил болсон байх, ажил амьдрал дээр хөлөө олчоод явна даа, явахдаа л явна. Хэзээ нэгэн цагт нутаг усныхаа хөгжил дэвшилд гар бие оролцох чин хүсэлтэй байдагдаа.

Post a Comment